Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийхээр 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ташкент хотноо хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ташкент хотын “Ислам Каримов”-ын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, тус улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Н.Арзиев зэрэг албаны хүн угтан авав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев хүндэт индэрт урьсны дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хүндэт харуулын дарга угтан мэндчилсний дараа Төрийн тэргүүн нар хоёр талын албан ёсны төлөөлөгчидтэй мэндчиллээ.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев, гэргий З.Мирзиёева нар дурсгалын гэрэл зураг авхууллаа.

Угтах ёслолын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн ордон “Куксарой” буюу “Хөх ордон”-г тус улсын анхны Ерөнхийлөгч И.Каримов-ын санаачилгаар 1990 онд барьсан.
Энэ ордонд Ерөнхийлөгч Ш.Мирзиёев өдөр тутмын ажлаа эрхлэн явуулдаг бөгөөд гадаадын төрийн тэргүүн, хүндэт зочдыг хүлээн авч, ёслолын хүлээн авалт зохион байгуулдаг уламжлалтай юм гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна