Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гол, мөрнүүдийн мөсний хэмжээг танилцуулжээ. Энэ өвлийн хувьд харьцангуй дулаан байгаа учир гол, мөрөн нуурын мөсний зузаан харилцан адилгүй байгаа ажээ. Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Шишхэд зэрэг голуудын мөсний зузаан хоёрдугаар сарын гуравдугаар арав хоногоос 1-5 см нэмэгдсэн бол Дэлгэрмөрөн, Бүгсий зэрэг голуудын мөсний зузаан 1-10 см багассан байна. Эдгээр голуудын мөсний зузааныг 2024 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулахад 5-35 см нимгэн харин Хөвсгөл нуур Ханх сум, Хатгал тосгон орчимд мөсний зузаан 90-105 см орчим байгаа нь өмнөх оны мөн үеээс 10-20 см бага үзэгдэл юм байна.
Хангай нурууны арын голуудын мөсний зузааны өөрчлөлт өнгөрсөн арав хоногт харьцангуй бага буюу 1-5 см нэмэгдсэн хэдий ч Идэр, Чулуут, Суман Хойдтамир, Урдтамир зэрэг голуудын мөсний зузааныг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-50 см нимгэн байна. Өгий, Тэрхийн цагаан нуур 105-120 см мөстэй зузаантай байгаа нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 15-30 см нимгэн мөстэй байгаа ажээ.
Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй жижиг голууд ёроолдож хөлдсөн бол дунд болон томоохон голууд болох Хүдэр, Ерөө, Тэрэлж, Туул голын адгаар мөсний зузаан өмнөх арав хоногоос өөрчлөгдөөгүй ч Туул гол Босгын гүүр, Хүдэр гол орчимд мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдсэн бол Хараа гол Дархан хот орчимд мөсний зузаан өмнөх арав хоногоос 10 см нимгэрсэн байна.
Сэлэнгэ мөрний эхээр мөсний зузаан 5-10 см багасч Орхон голын дагууд мөсний зузаан өөрчлөлтгүй байна.

Дээрх голуудын дагууд мөсний зузааныг 2024 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 10-55 см нимгэн байна. Сэлэнгэ мөрний дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдсан хэвээр байна гэж Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.Иймд иргэд тээвэрчдийг гол, мөрөн гатлахгүй баталгаатай зам гүүрээр зорчихыг УЦУОШГ-аас анхааруулж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна