Хайлт

"THE MONGOLZ" ДӨРӨВ ДАРААЛАН S ЗЭРЭГЛЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙ ПЛЕЙ-ОФФТ ШАЛГАРЛАА

Цахим спортын "CS2" төрлийн энэ оны эхний томоохон тэмцээнүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн 21 дэх улирал Шведийн Стокхольм хотноо үргэлжилж байна. 400 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Монголын шигшээ баг болсон "The MongolZ" оролцож буй. Өчигдөр тэд плей-оффын эрхийн төлөө төлөөх ээлжит тоглолтоо Францын "3DMAX" багийн эсрэг хийлээ. Хоёр баг өмнө нь дөрвөн удаа учраа таарахад 2:2 гэсэн харьцаатай тэнцсэн байжээ. Гэхдээ үүнээс сүүлийн хоёр тоглолтод нь "The MongolZ" хожсон байв.

Хоёр багийн хайнаа хагалах тулаанд "The MongolZ" баг дахин илүүрхэж, 2-0 гэсэн харьцаатай төвөггүйхэн өрсөлдөгчөө буулган авчээ. Ерөнхийдөө Францын багийн учрыг олсон гэдгээ дахин харуулав. Энэхүү тоглолтод "Senzu" буюу М.Азбаяр хувийн үзүүлэлтээрээ багаа манлайлжээ.

Ийнхүү "The MongolZ" баг анх удаагаа "ESL Pro League"-ийн плей-оффын шатанд шалгарч байна. Үүгээр ч зогсохгүй тэд дөрөв дараалан S зэрэглэлийн буюу "CS2"-ийн хамгийн том, алдартай тэмцээнүүдийн плей-оффт шалгарчээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед оролцсон бүхий л томоохон тэмцээнүүдийнхээ аваргын төлөө шувтаргын шатанд шалгарсан үзүүлэлттэй явна.

Өчигдрийн ялалтынхаа ачаар "The MongolZ" баг "HLTV"-ийн дэлхийн чансаанд нэг байр ахиж, "FaZe Clan"-ийг гүйцсэнээр зургадугаар байрт бичигдэж эхэллээ. Харин "Valve"-ийн дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигдэж байна.

Одоогоор Францын "Vitality" баг 14 тэмцээн дараалан плей-оффын шатанд шалгарсан үзүүлэлттэй бүх багуудыг тэргүүлж байгаа бол тэдний араас Оросын "Spirit" найм дараалан, Монголын "The MongolZ" дөрөв дараалан шалгарсан амжилттай явж байна.

"ESL Pro League"-ийн 21 дэх улирлын хоёрдугаар шатны сүүлийн тоглолтууд өнөөдөр болж, плей-оффд өрсөлдөх багуудын нэрс бүрэн тодорно.

Холбоотой мэдээ: