Цаг агаарч дулаарч хотод мопед, скүүтэр, суррон унах хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Ялангуяа хүүхдүүд хамгийн ихээр унадаг нь осол гэмтлийн тоог нэмсээр байгаа аж. Статистикаас харахад 2021-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ.
Үүнтэй холбоотой суррон буюу электрон дугуй, скүүтерт холбогдох замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэхээр болжээ. Ингэснээр сурроныг 18 нас хүрсэн “А” үнэмлэхтэй иргэд унаж замын хөдөлгөөнд оролцох боломжтой болох юм. Насанд хүрээгүй иргэн суррон дугуй унаж замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг хураах, саатуулах зэрэг арга хэмжээ авна гэж зохицуулах аж.
Зохицуулалт хийх болсон шаардлага нь электрон дугуйнаас үүдэлтэй осол хүнийг хөдөлмөрийн чадваргүй болгох хүртэл хор хөнөөлтэй байдаг тул ийм шийдвэр гаргажээ. Тоо баримтаас харахад :
- Мопед, суррон, скүүтерээс унах буюу онхолдож гэмтэж, бэртсэн тохиолдол 72.0%,
- Мопед, суррон, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлсэн тохиолдол 17.5%
- Явган зорчигч мопед, суррон, скүүтерт мөргүүлсэн тохиолдол 9.0%
- Мопед, суррон, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдсөн тохиолдол 1.5% бүртгэгджээ.
Тухайн шалтгаант ослын үед толгой /22,6%/ ,тохой ба шуу /21.1%/, өвдөг ба шилбэ /18.4%/ зэрэг эрхтнүүд түлхүү гэмтдэг байна.