Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, хэд хэдэн албан тушаалтныг томилжээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяагийн өгсөн мэдээллээр "Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн Баасан гаригт хуралдаж, зарим албан тушаалд сонгон шалгаруулалт хийсний дагуу томилох шийдвэрийг гаргасан" гэв.
Удирдах зөвлөлийн хурлаар Х.Эрдэнэбаатарыг тэргүүн дэд захирлаар, Ж.Мөнхжаргалыг бүтээмж хариуцсан менежерээр томилжээ.Х.Эрдэнэбаатарын хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд дөрөвдүгээр тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхон аймгийн бүсэд нэр дэвшиж, ялагдсан. Түүнийг улс төрийн хүрээнд УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүн гэлцдэг. Тэрбээр санхүү менежментийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд төрийн захиргааны менежментийн мэргэжил дээшлүүлсэн байна. Хувийн бизнес эрхлэхээс гадна Монголын Жюүжицүгийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг байна.