Өнөөдөр УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах багийн гишүүд болон П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат нар эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийнхээ эхэнд П.Батчулуун эмчийг яллагдсанаас хойш элэгний дутагдалд орж, амьгүй донор хүлээж байгаа олон хүний итгэл найдвар болсон тархины үхэлтэй донор гарахаа больсон тул ийнхүү олон нийтэд хандаж байна гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар элэгний дутагдалд орж тархины үхэлтэй донор хүлээж буй 430 хүн амь тэмцэн залбирч, донор олдохгүйн улмаас сүүлийн 3 жилд 30 гаруй хүн эрхтэний донор хүлээж байгаад нас баржээ. Энэ бол эрүүл мэндийн мэдээллийг нягталж, шалгалгүй олон нийтэд түгээж, иргэдийг айдаст автуулсан баталгаагүй мэдээллээс үүдэлтэй гэдгийг эмч нар онцоллоо. Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад эмч нар эрхтэнийг нь дур мэдэн, хууль бусаар авсан мэт мэдээлэл түгээснээр олон сөрөг үр дагаврыг дагуулж байна.

УНТЭ-ийн Мэс заслын зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн:
-П.Батчулуун эмчийн биеийн байдал маш муу, зүрхний үйл ажиллагаа 33 хувьтай байгаа. Энэ хүн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн хяналтад байдаг, зүрхний стент тавиулсан. Сүүлд П.Батчулуун эмчтэй уулзахад "Би бүх бие, амь амьдралаа зориулчихаад ингээд сууж байна гэж уйлж байсан." Арга чүгүй биз. П.Батчулуун эмчийн хувьд ямар ч буруугүй. 2022 онд Донорын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа тархины үхжилттэй донорын ар гэрт оршуулгын хоёр сая төгрөгийн олгоно. Нэмээд гурван сая төгрөг өгнө гэсэн заалт оруулсан. Энэ заалтыг П.Батчулуун эмч өөрөө хөөцөлдөж, хуульд тусгасан хүн шүү дээ.

П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат :
-П.Батчулуун эмчийн хэрэг нь Монгол Улсын шүүхийн практикт анхны тохиолдол. Тийм учраас Улсын дээд шүүхээс энэ хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр үнэн зөв шийдсэн эсэхийг хянаж, буруу ойлгосон засч залруулах үүднээс зайлшгүй авч хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Тэгэхээр бид Улсын дээд шүүхийн шийдвэрийг итгэж, хүлээж байна. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч нартаа хандаж хэлэхэд хүний эрүүл мэндтэй холбоотой эмзэг асуудлыг нийтэлж, түгээхдээ дараа нь гарах үр дагаврыг бодолцож байхыг хүслээ.