Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай тогтоолыг албажуулан баталлаа. Нийслэл хотод 200 мянган айл өрх хатуу түлш буюу нүүрсний хэрэглээтэй байна. Түүнчлэн 2500 орчим нам даралтын зуух, 170 орчим уурын зуух агаарын бохирдол үүсгэж байна. Мөн бүртгэлтэй 804 тээврийн хэрэгслээс 500-600 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож, ТЭЦ 2,3,4 болон Амгалангийн дулааны цахилгаан станцууд агаарын бохирдол үүсгэх эх үүсвэр болж байна. Үүнээс хамгийн гол нь хатуу түлш хэрэглэж буй 200 мянган айл өрх агаарын бохирдол үүсгэж буй гол эх үүсвэр болж байна. Тиймээс 2025-2026 онд 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлэх тогтоолын төслийн баталлаа.
Ингэхдээ айл өрхүүд хатуу түлшнээс сайн дураараа татгалзах, стандартад нийцсэн дулаалга хийсэн тохиолдолд нийслэлээс тухайн айлуудад хийн түлшний зуух байрлуулах, аюулгүй ажиллагааны заавар өгөх, халаалтын улирал буюу есдүгээр сарын 15-ний өдрөөс тавдугаар сарын 15 хүртэлх хугацаанд сар бүр 100 мянган төгрөгийн татаасыг хийн түлшинд шилжсэн айл өрхүүдэд олгоно.
Бид 41 жилийн хугацаанд нэг ч дулааны станц шигээр бариагүй. Гэхдээ өнгөрсөн жил эрчим хүчийг нэмэгдүүлэх тодорхой ажлууд хийсэн. Үүний үр дүнд эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн. Тиймээс 2025-2026 он руу шилжих өвөл эрчим хүчний үйлдвэрлэлийг хамгийн багадаа 200 МВ-аар дахин нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын ажлууд явагдаж байгаа. Тэгэхээр зарим бүсчлэл дотор айл өрхүүд хийн түлш бус цахилгаан халаагуур хэрэглэх сонголт хийвэл цахилгаан халаалтад холбох, халаалтын улиралд цахилгаан хэрэглээтэй айлуудын хэрэглээнд 100 мянган төгрөгийн татаас олгох зохицуулалт тус тогтоолын төсөлд багтсан байгаа гэж Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээллээ.