Автобусны жолооч үүргээ гүйцэтгэж явахдаа шатаж байсан байшингаас 30 настай залуу, 10 настай хүүхдийг аварчээ. Тодруулбал, өнөө өглөө 08:00 цагийн орчимд Ч:28 чиглэлийн (Сэлх-7 буудал) автобусаар ажил үүргээ гүйцэтгэж явсан жолооч Д.Азжаргал нь Сэлхийн 3-р буудлын зүүн талд нэгэн айлын амбаараас утаа гарч буйг анзаарсан байна.

Тэрбээр тээврийн хэрэгслээ зогсоож хаалганы гадна очиход цоожтой байсан ч гадаа нь байсан нэгэн залуу галын дуудлага өгсөн байсан аж. Түүний хувьд нөхцөл байдлыг ойлгон тэр даруй хашааг давж, байшингийн цонхыг хагалан орсноор 30 орчим насны нэгэн залууг сэрээж амжсан байна. Улмаар 9-10 орчим насны хүүг хамт орсон залуутайгаа нийлж өргөн гаргаж, галын аюулаас эсэн мэнд аварчээ.

Д.Азжаргал нь “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын гуравдугаар хэсгийн жолоочоор ажилладаг бөгөөд болсон үйл явдалтай холбогдуулан Нийтийн тээврийн бодлогын газраас түүнд талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: Зорчигч тээвэр хоёр ОНӨААҮГ