Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 24-өөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрч, 25-26-нд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа. Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой сүүлийн өдрүүдэд ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байна.
Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дундговь аймгийн Өндөршил, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Булган аймгийн Сэлэнгэ суманд, нийт найман аймгийн 20 суманд 28 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.
Улсын хэмжээнд 2021-2024 онуудад гарсан ой, хээрийн гал түймрийн 49.8 хувь нь зүүн бүсийн аймгуудад тохиолдсон. Түймрийн шалтгаан нөхцлүүдийг тогтоохоор холбогдох байгууллагын алба хаагчид ажиллаж байна. Хаврын хуурайшилт эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн тоо эрс нэмэгдэж байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна гэсэн юм.