Хайлт

О.ХАНГАЙ: ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗҮЛГЭЭ ЭРТХЭН СОЛЬЁ

Улсын аварга О.Хангай төв цэнгэлдэхийн зүлгийг эртхэн солих уриалга гаргаж, ус шингээдэггүй, стандарт хангаагүй зүлэгнээс болж бөхчүүд хүнд гэмтэж байгаа талаар өөрийн нүүр хуудастаа нийтэлж шүгэл шүлээсэн. Үүнтэй холбоотой өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооны төлөөлөл "Төв цэнгэлдэх" ХХК-ийн удирдлагуудтай хиймэл зүлэгний асуудлаар уулзлаа.  Уулзалтын үеэр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав : 

-Өнгөрсөн жилийн бөхийн барилдаанд 27-28 бөх халтирч, 4 бөх бэртсэн. Алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцоорой. Асуудлууд, ажлууддаа та бүхэн хариуцлагатай хандаарай гэж хүсье гэлээ. 

Нэг харамсалтай жишээ дурьдахад өнгөрсөн жилийн баяр наадмын барилдаанаар Б.Пүрэвсайхан заан хальтирч унаж гэмтээд өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа. Тиймээс цаашдаа хиймэл зүлэгний асуудлаар Монгол улсын шадар сайдад гомдол гаргана гэсэн юм. 

Тэгвэл "Төв цэнгэлдэх" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан :

-Монгол бөхийн хиймэл зүлгийн стандарт гэж дэлхийд байхгүй. Бөхчүүд амьд зүлэг тарих боломж байна уу гэж асууж байна. Амьд зүлэг гэдэг бол хамгийн өндөр өртөгтэй. Хайрлаж, гамнахад өртөг зардал ихтэй. Ургуулахад ч тэр, хамгаалахад ч тэр цаг хугацааны хувьд боломжгүй юм байна. Хиймэл зүлгээ яаж сайжруулах вэ, хамгийн бага халтирах хиймэл зүлгийн стандартыг боловсруулах чиглэл рүү ажиллах шаардлагатай гэсэн хариулт өглөө. 

Бөхчүүдийн бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлдэг хиймэл зүлгийг солихыг шаардсаар ирсэн ч энэ жил нь стандарт боловсруулах тухай ярьж байна. Боловсруулсан стандартын дагуу зүлгээ наадмаас өмнө сольж чадах эсэх дээр хариултгүй хоцорлоо. 

Холбоотой мэдээ: