
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Өнгөрсөн долоо хоногт 72 санал гомдол ирж байгаагийн 80 хувь нь ямар нэгэн зөвшөөрөлтэй холбоотой байна. Гэтэл бид төрийн Хур систем дээр мэдээлэл солилцоог бүрэн хангуулж чадаж байгаа. Үүнийг И-Монголиа аппликейшнээр та бүхэн хардаг. Гэтэл амьдрал дээр иргэдээс цаасаар бичиг баримт нэхсээр байна. Тиймээс бид 170 зөвшөөрлийг бүрэн цахим системд шилжүүлсэн. Гэвч төрийн анхан шатанд дээр буюу аймаг орон нутаг, дүүрэг дээр бичиг баримт шаардаж байгааг иргэд хэлж байна. Өнгөрсөн хугацаанд 170 зөвшөөрлөөс 60 нь бичиг баримт шаардахгүй байна гэдгийг судалсан. Яамдуудад тухайлан үүрэг чиглэл хүргүүлж, холбогдох хариуцлагын арга хэмжээг авна. Зөвшөөрлийн зөвлөлийг хуралдуулна. Төр өөрт байгаа мэдээллийг нэхэхгүй байх үүднээс цахимжуулах асууудлыг бүрэн шийдэж байгаа. Нээлттэй ил тод байдал, авлигатай тэмцэж байгаа үйл ажиллагаан дээр холбогдох албан тушаалтан эс үйлдэхүй гаргаж байна гэсэн үг. Зөвшөөрөл бол стандартын асуудал. Зоосны хоёр тал шиг гэсэн үг. Тиймээс нөгөө талдаа явцын хяналтын асуудлыг сайжруулах ёстой. Зөвшөөрөл авахдаа хүнд суртал үүсгээд дараа нь ямар ч хяналт тавьдаггүй, мартчихдаг байж болохгүй. Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Стандарчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэлэлцүүлэг зохион байгуулж, судалгааг хийсэн. Монголд өнөөдрийн байдлаар 6733 стандарт мөрдөгдөж байгаа ч иргэн, хуулийн этгээдүүд дагаж мөрддөггүй. Энэ утгаараа Стандартын хуулийг УИХ-д өргөн мэдүүлснээр зөвшөөрөл давсан журмыг цуцалж, зөвшөөрөл нэмэхгүй байх стандартыг барьж ажиллана. Олон улсад болон бүс нутагт хэрэгжүүлж буй стандартуудыг мөрдөх юм.
Монгол Улсад мөрдөгдөж буй барилга, эрүүл мэнд, хүнс, аялал жуулчлалын салбарт 2022 онд нийт 2000 гаруй стандартад үзлэг хийхэд 782 нь олон улсын стандартад нийцэж байсан бол 180 стандарт цаг үетэйгээ нийцэхгүй байсан. Хувийн хэвшилд хүнд суртал үүсгэж байсан учраас цуцалсан. Дүрэм журмын түгжрэлийг тайлж, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлнэ. Засгийн газрын дөрвөн тогтоол гаргасан ч хэрэгжээгүй гэв.