Малчны тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж буй. Энэ хуульд малчнаар 10-аас доошгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал ахуйн тэжээл, бэлчээр судлалын мэргэжлээр төрийн өмчийн их сургуульд үнэ төлбөргүй суралцуулна гэж тусгасан байна. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр байнгын хорооны хурал дээр мэдээлэл өгөхдөө "Малчны тухай хуулийн энэ заалт хэрэгжинэ. Малчны нэг хүүхдийг үнэ төлбөргүй сургах санхүүжилт БЗС-гийн төсөвт тусгагдсан. Энэ намрын элсэлтээр боломжийг нь хангаж, 2025-2026 оны хичээлийн жилд хэрэгжинэ" гэсэн юм.
Мөн энэ заалтаас гадна малчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас малчин ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, түүнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь Засгийн газрын нөөц сангаас олгох, гамшигт болон аюулт үзэгдэлд нийт мал сүргийнх нь 50 хувиас доошгүй нь өртсөн малчин өрх, эсхүл хонин толгойд шилжүүлснээр 250 хүртэл малтай, эсхүл 16-40 хүртэлх насны малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хамруулах, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх гэх мэт малчдад чиглэсэн төрөөс авч хэрэгжүүлэх бодлогыг тодорхой болгосон юм.