УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 79.1 хувийн саналаар дэмжин баталлаа.
Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн үг хэлэв. Тэрбээр "Санал хураалтыг дэмжиж өгөхийг хүсээд, өмнөх цаг хугацаанд талархаж байгаагаа хэлье.

Түрүүн би хэлсэн, өнөөдөр бид хэнийг ч зөвтгөх, хэнийг ч буруутгах гэхээс илүү асуудлаа шийдэх нь Монгол Улсын эрх ашиг.
Урт хугацаанд үргэлжилсэн энэхүү хэлэлцээрт орж ажилласан ажлын хэсгийнхэндээ талархал илэрхийлэхийг хүсэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид, үе үеийн Аюулгүйн зөвлөлийн гишүүд, УИХ-ын дарга болон УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-д суудалтай намууд, ажлын хэсгийн гишүүд, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл, УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье.
Маш олон талаас нь шүүн ярилцсан. Өнөөдрийн хэлэлцүүлэг илүү их мэдээлэлтэй болж чадсан байна. Чадах бүх талаараа УИХ, Засгийн газар хичээсэн, зөвшилцсөн, ийм хэлэлцээр болж чадаж байна. Хамтарсан Засгийн газрын хурдтай хөгжлийн төлөө зориг гарган ажиллая гэсэн 14 мега төслийн хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн эдийн засгийн хувьд хамгийн чухал төсөл” хэмээсэн юм.