Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдвараар 5 настай хүүхэд өвдөж, эндсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяр:
-Он гарсаар менингоккокт халдварын дөрвөн тохиолдол батлагдлаа. Хамгийн сүүлд Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдэж, таван настай хүүхэд эндсэн. Тухайн хүүхдийн биеийн байдал маш хүнд, амь тэмцсэн байдалтай аймгийн төвийн эмнэлэгт ирсэн. Улмаар аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч тухайн хүүхдийн биеийн байдал маш хүнд байсан учраас харамсалтайгаар нас барлаа. Монгол Улсад тууралтат халдварын улирал үргэлжилж байна. Тиймээс халуурсан, тууралт гарсан шинж тэмдэгтэй хүүхдээ яаралтай эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхийг эцэг, эхчүүдэд анхааруулж байна. Менингоккокт халдвараар нас барсан хоёр тохиолдол цаг алдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас болсон. Тиймээс халуурсан шинж тэмдэг илэрсэн бол тууралт гарахаас нь өмнө эмнэлэгт хандах хэрэгтэй гэдгийг дахин хэлье. Менингококкт халдварын үед огцом өндөр хэмээр халуурах бөгөөд тууралт гарах нь хүндэрснийг илтгэнэ.
Халуурах, толгой өвдөх, гэрэлд мэдрэг болох, бөөлжих, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандана уу.
Мөн өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан 114 тохиолдол, сэжигтэй 123, эдгэрсэн 32 тохиолдол байна. Сүүлийн үед улаанбурхан, салхин цэцэг, хоолны хордлого ихээр бүртгэгдэж байна. Тиймээс эцэг, эхчүүд цаг алдалгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваарай гэж зөвлөе.