Хайлт

БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР 50 САЯ ТӨГРӨГ АВАХААР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ 990,000 ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖ, ЗАЛИЛУУЛЖЭЭ

Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, залилуулах тохиолдол нэмэгдэж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, иргэд олон нийтийн сүлжээ ялангуяа фейсбүүк дээрх их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, зээл гаргах үнийн дүнгийн 5-10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнг үйлчилгээний хураамж, урьдчилгаа байдлаар шилжүүлэн өгч залилуулж байна. 

Цагдаагийн байгууллагад  өнгөрсөн гурав хоногийн хугацаанд энэ төрлийн гомдол мэдээлэл хоёр бүртгэгдсэн байна.

Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн М нь “Фейсбүүк зарын дагуу холбогдож, буцалтгүй тусламжаар 50 сая төгрөг өгнө үйлчилгээний хураамж болох 990,000 төгрөг шилжүүл гэсний дагуу шилжүүлж, залилуулсан” мөн тус дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь “Цахимаар зээл олгоно гэх зарын дагуу холбогдож, зээлэх мөнгөн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгийг шилжүүл гэсний дагуу 4,800,000 төгрөг шилжүүлж залилуулсан” тохиолдол гарчээ. 

Цагдаагийн байгууллагаас дээрх хэргүүдэд шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.

Иймд иргэд цахим орчинд аливаа зар мэдээллийн дагуу холбогдох мөн аппликэйшин ашиглаж байхдаа залилах гэмт хэрэгт өртөж байгаа шалтгаан нөхцөл нь залилагч нар ердөө таны хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, танд хамгийн таатай нөхцөл, зах зээлийн үнээс доогуур хямд үнийг санал болгож залилах гэмт хэргийг үйлдэж байгаа гэдгийг сайтар анхаарахыг санууллаа.

Холбоотой мэдээ: