Дөрөвдүгээр сарын 1-нд Москва хотноо ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин, ХКН-ын улс төрийн товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Ван И-г хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Путин юуны түрүүнд Ван И-гээр Ши Жиньпин даргад дотнын мэндчилгээг уламжлаад, Ши Жиньпин даргатай хийсэн тохиролцоо үр дүнтэй хэрэгжиж байгаад баяртай байгаагаа хэлжээ. Орос Хятадын харилцаа өндөр түвшний хөгжлөө хадгалан, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа улам гүнзгийрч, “Орос Хятадын соёлын жил” арга хэмжээ амжилттай зохиогдож, хоёр орны иргэдийн харилцааг улам бэхжүүллээ. Энэ онд “Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ой” тохиож байна, Хятад улсыг тэмдэглэлт арга хэмжээнд оролцохыг урьжээ. Түүнчлэн В.Путин өнөөгийн олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд Орос, Хятад хоёр орон стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаа мэдээг дэлхий нийтэд өгөх ёстой гэжээ.
Ван И Ши Жиньпиний мэндчилгээг Ерөнхийлөгч Путинд уламжлаад, хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдамж, хамтын ажиллагаа дор Хятад Оросын харилцаа улам төлөвшин, бат бэх, тогтвортой болж, улс төрийн итгэлцэл улам бэхжиж, стратегийн зохицуулалт цаашид нягтарч, ажил хэрэгч хамтын ажиллагаа улам гүнзгийрэхийн зэрэгцээ олон улсын болон бүс нутгийн томоохон үйл хэрэгт хоёр талын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалсаар ирсэн юм. Хятад Оросын хамтын ажиллагаа гуравдагч оронд чиглэхгүй бөгөөд гаднын оролцоонд өртөхийг зөвшөөрөхгүй. Хятад Оросын харилцаа улам өргөжин тэлэх болно гэжээ.