1072 хувьцааны ногдол ашиг болох 93500 төгрөгийг энэ сард иргэдэд олгохоор болжээ.
"Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд 3.9 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. Үүний дүнд 1072 хувьцаа эзэмшигчдэд хоёр удаа ногдол ашиг хуваарилсан. 1072 хувьцаатай иргэн бүрд энэ сард татварын дараах дүнгээр 93500 төгрөг тараахаар байна. Цаашид тус компанийн үйл ажиллагаа сайжирч, бүтээмж өсвөл ногдол ашгийн хэмжээ бүр илүү нэмэгдэнэ гэх мэдээллийг Засгийн газрын хуралдааны дараа өгсөн.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121500 төгрөг тараасан. Үүний дараа цагаан сарын баярын өмнө 100006 төгрөгийн ногдол ашиг олгосон билээ.
Мөн үнэт цаасны данс нээлгээгүй иргэд ч дансаа И Монголиа цахим хуудсаар хандаж нээлгэх боломжтой юм байна.
Иргэд ногдол ашиг авсан эсэх, болон бусад мэдээллээ авахыг хүсвэл 158989 гэдэг дугаарт регистрийн дугаараа латин үсгээр томоор бичиж мессежээр илгээхэд мэдээлэл ирнэ. Мөн ТҮЦ машинуудаас ногдол ашгийн мэдээллээ авч болно. Хамгийн сүүлд хийсэн хөгжүүлэлтээр иргэд И Монголиа порталд хандаж профайл хэсэг рүү орж, үнэт цааснууд гэдэг цэс дээр дарахад тухайн иргэний эзэмшиж байгаа бүх хувьцааны тоо ширхэг, ямар үнэт цаасны компанид данс нээлгэсэн мэдээлэл, ногдол ашгийг хэдэн онд аль арилжааны банкны дансандаа авсан талаар нэгдсэн мэдээлэл гарах аж.