Хайлт

СӨХ-НЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХГҮЙ БОЛ МОНГОЛБАНКНЫ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛАХ ХУУЛЬ БАТАЛНА

Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг нар санаачлан боловсруулсан бөгөөд УИХ-ын хаврын чуулганы хугацаанд төслийг өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ.

Сууц өмчлөгчийн холбоо /СӨХ/-ны төлбөрөө цаг хугацаандаа төлдөггүй иргэний СӨХ-ын төлбөрт нь алданги тооцох, цаашлаад Монголбанкны хар жагсаалтад оруулдаг байх зохицуулалтыг Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал, СӨХ-ны төлбөрөө гурваас дээш сар төлөлгүй хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувиар алданги тооцох. Зургаан сараас дээш хугацаагаар СӨХ-ны төлбөрөө төлөөгүй тохиолдолд мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгүүлж, банк санхүүгийн байгууллагаас зээл авах боломжийг нь хязгаарлах зохицуулалтыг тусгаж өгсөн байна.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1839 СӨХ үйл ажиллагаа явуулж буй мэдээлэл бий. Үүнээс нийслэлд 1648 СӨХ хамаарч байгаа бол орон нутагт 191 СӨХ үйл ажиллагаа явуулж байна.Мөн СӨХ-дыг хариуцлагажуулах зорилгоор оршин суугчдаас сар бүр авч буй СӨХ-ны төлбөрөө юунд зарцуулсан талаарх зардлын тайлангаа гурван сар тутамд тайлагнаж байхаар хуулийн төсөлд заасан. Энэ нь СӨХ нь оршин суугчдаас татсан СӨХ-ны төлбөрийг зориулалт бусаар ашиглаж, хувьдаа завшихаас сэргийлсэн зохицуулалт аж. Нөгөө талдаа барилгын компани дур зоргоороо СӨХ байгуулж, эхний гурван жилд оршин суугчдаас СӨХ-ны төлбөр цуглуулж, алга болдог асуудлыг зогсоох зорилгоор иргэдийн байгуулсан СӨХ-тэй гэрээ хийж, менежментийн үйлчилгээ үзүүлдэг байхаар зааж өгсөн юм байна.

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахтай холбоотойгоор орон сууцуудыг олноор барих шаардлага үүсч буй. Тэр хэрээр нийтийн эзэмшлийн орон сууцны өмчлөлийг зохицуулах шаардлага тулгарах бөгөөд одоо хэрэгжиж байгаа хууль цаг үеийн шаардлага хангахгүй болсон тул дээрх төслийг шинэчлэн боловсруулаад байгаа юм.

Холбоотой мэдээ: